• 05 сарын 10, Баасан гараг
Арвайхээр сумын гуравдугаар цэцэрлэг
16 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

Манай цэцэрлэг 1975 онд анх 2 бүлэгтэй нээгдэж байсан, Сургуулийн өмнөх насны 150 хүүхдийг сурган хүмүүжүүлэх хүчин чадалтай. Арвайхээр сумын 5 дугаар баг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баруун хойд талд байрладаг. Арвайхээр сумын 1,5,9,12 дугаар багийн 2-5 насны  хүүхдүүдийг хамран сургаж үйл ажиллагаагаа явуулж байна.1990 онд өргөтгөлөөр 1 бүлэг нэмж 3 бүлэгтэй болсон. 2011 онд “Мерси Кор” ОУБ-ын дэмжлэгтэйгээр 1 гэр бүлэг нэмж хичээллэсэн. 2012 онд Арвайхээр сумын ЗДТГ- аас 1 гэр бүлэг нэмж 5 бүлэгтэй болсон. 2014 онд өргөтгөлөөр 2 бүлэг нэмж 2014-2019 оны 9 дүгээр сар хүртэл нийт 7 бүлэгтэй ажиллаж байсан ба Арвайхээр хотод шинээр байгуулагдсан цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотойгоор 2 бүлгийг шилжүүлсэн байна. “КОЙСА” ОУБ-тай хамтран ажиллаж цэцэрлэг дээрээ мэргэжилтэн багшийг урьж ажиллуулснаар СӨБ, бага боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд аймгийн хэмжээнд “Тоглонгоо хөгжье” хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн байгууллага болсон. Мөн “КОЙСА” ОУБ-тай хамтран 2 гэр бүлгийг барилгажуулах, урлаг заалтай болгох зорилгоор 109 сая төгрөгийн өртөг бүхий өргөтгөлийн барилгыг 2014 онд ашиглэлтанд оруулсан байна. 2014-2015 оны хичээлийн жилд аймагтаа анхны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Тусгай бүлэг”-ийг нээн ажиллуулж 3 жил үйл ажиллагаа явуулсан. 2018-2019 онд “ЖАЙКА” ОУБ-тай хамтран мэргэжилтэн багш ажиллуулж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллах арга зүй”, “Хөдөлгөөн заслыг сайжруулах нь”, “Тэгш хамран сургах боловсролыг эрхэмлэх нь” зэрэг үйл ажиллагааг аймгийн хэмжээнд туршлага болгон түгээсэн.

2020-2021 онд “Тайванийн хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Шведийн ОУБ-ын хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн гадна талбайд Туршилтын талбайг байгуулж 14 нэр төрлийн нарийн ногоо, хүнсний ногоо тариалж хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулаад байна. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур 20 өрхийг энэ төсөлд хамруулан хүнсний ногоо тариалах арга аргачлал, ногоог даршлах зэрэг амьдралын ухаанд сургасан ажлуудыг бүтээлчээр хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь хүүхдийг ЭКО хүнсний ногоогоор хангах, хүүхэд орчноосоо сайн сайхан зүйлсийг мэдрэх боломжийг олгож багш нарын багаараа хэлэлцэн төсөлт ажил боловсруулан сургалтын хөтөлбөртөө оруулан ажиллаж байна.

2020 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бага насны хүүхдийн орчны стандартын шалгуурыг хангасан Биеийн тамирын талбайтай болсноор хүүхдийн сурч хөгжих орчинг улам бүр сайжруулаад байна. 2022 онд Арвайхээр сумын Засаг даргын хөрөнгө оруулалтаар хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайтай болсон.

Тус цэцэрлэг нь сургалтын үйл ажиллагаа, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчин бүрдүүлэлт, нийгмийн болон сэтгэлзүйн орчны өөрчлөлтийг богино хугацаанд сайжруулснаар чанарын өөрчлөлтийг хийж, хийсэн ажлуудаа сум, аймаг, орон нутагтаа төдийгүй улсын хэмжээний туршлага болгон түгээн дэлгэрүүлж байна.

2024-04-08 09:39:19