• 05 сарын 10, Баасан гараг
Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн танилцуулга
14 ХҮН ҮЗСЭН БАЙНА

КИМ ИР СЕНИЙ НЭРЭМЖИТ АРВАЙХЭЭР СУМЫН НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

            Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрладаг. 1947 оны 8 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга суманд “Хүүхдүүдийг саатуулах газар” нэртэйгээр анх байгуулагдаж улмаар 1952 онд аймгийнхаа төв Арвайхээр суманд шилжин ирж 11 гэрт 4 бүлэгтэй 100 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байсан түүхэн замналтай. 2015 онд орон нутгийн санхүүжилтээр 1 гэр бүлэг шинээр нэмэгдэж одоог хүртэл 5 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.1992 онд БНАСАУ-ын агуу их удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болж харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж байна.  Энэ 2023 онд манай цэцэрлэг үүсгэн байгуулагдсаны 76 жил, БНАСАУ-ын агуу их удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болсоны 31 жилийн ой тохиож байна. Одоо манай цэцэрлэг 25 багш, ажилчидтай, 150 гаруй хүүхэд хүлээн авч бага насны хүүхдийг сурч боловсрох таатай орчин нөхцлийг бүрдүүлэн, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

 

Манай хамт олон Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн өдөр тутмын үйл ажиллагааны дагуу сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулж хүүхдэд эрүүл мэндийн болон амьдрах ухааны мэдлэгт суурилсан чадвар, дадал чадваруудыг олгож байна.

Бидний уриа: Хамтын хүч амжилтын үндэс. Урагшаа залуусаа.

Эрхэм зорилго: “Хүнлэг нийгмийг хүүхэд байхаас нь”

Үзэл баримтлал: Хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадвар, бүтээлч үйлийг дэмжиж, аливаа нөхцөл, байдалд дасан зохицох чадвартай, хүмүүнлэг энэрэнгүй Монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Цэцэрлэгийн онцлог

 “СПОРТ ӨРӨЛТ” Оюун сэтгэлгээ хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон Спорт  өрөлт тоглоомыг өөрийн байгууллагатаа хэрэгжүүлэх, хүүхэд багачууд болон  хамт олноо хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  “Монголын Спорт Өрөлтийн Холбоо”-той хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж,  Монголын оюун ухааны академийн “Спорт өрөлтийг хэрэгжүүлэгч цэцэрлэг” болон ажиллаж  байна. Монголын оюун ухааны академийн сургалтад 2 багш хамрагдаж “Сургагч багш”-аар бэлтгэгдэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 3 дахь жилдээ хүүхэд багачуудаа хөгжүүлж байна. 2023 оны 01 сараас эхлэн “Монголын Спорт Өрөлтийн Холбоо”-оос зохион байгуулсан “Улсын чансаа” ахиулах цахим болон танхимаар зохион байгуулсан тэмцээний 4,5 насны ангилалд ганцаарчилсан болон баг, хосын төрлүүдэд тогтмол оролцож Тэргүүн, дэд байруудад шалгарч амжилттай оролцож байна.

 

Найрамдал хамтын ажиллагаа

Бид жил бүр багш, ажилчид болон суралцагчид, эцэг эх асран хамгаалагчдынхаа хүрээнд БНАСАУ болон Монгол улсын эв найрамдлын сарын аяныг зохион байгуулж Агуу удирдагчийн төрсөн өдөр, Нарны баярын өдөр тэмдэглэлт өдрүүдэд баярын мэндчилгээ солилцон хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа илгээж байнгын холбоотой ажиллаж байна. Мөн бид Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд оролцож найрамдал хамтын ажиллагаатай холбоотой бүтээлүүдээ дэлгэн иргэд олон нийтэд танилцуулсан. Аймгийн  БШУГ-ын дэмжлэгтэйгээр БНАСАУ-тай найрамдлын харилцаат цэцэрлэгүүдийн уулзалт зөвлөгөөнд оролцож туршлага судалсан.

 

2024-04-08 09:27:32