• 12 сарын 02, Даваа гараг
Ерөнхий боловсролын Лаборатори Мэргэд сургуулийн танилцуулга
479 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Өвөрхангай аймгийн лаборатори Мэргэд  сургууль нь 1997 онд байгуулагдан, 26 дэх хичээлийн жилдээ боловсролын үйлчилгээг хүргэж байна. Тус сургууль нь сурагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ 1-12 дугаар  ангидаа математикийн гүнзгийрүүлсэн, 3-12 дугаар ангидаа япон хэлний сонгон  судлах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Сургуулийн анхны захирлаар Монгол улсын гавьяат багш Т.Тавхай ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд  монгол улсын зөвлөх багш Н.Норгинханд  тус сургуулийн захирлаар ажиллаж байна.  

            Түүхэн хөгжлийн 20 гаруй жилийн хугацаанд:

  1. 1997-2000 онд Өвөрхангай аймгийн математикийн  гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль
  2. 2000-2014 онд  Өвөрхангай аймгийн математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль Мэргэд сургууль
  3. 2014 оноос Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургууль  гэж сургуулийн статус чиг үүргээсээ хамаарч нэршилээ албан ёсоор өөрчилж ирсэн байна.

Мэргэд сургууль нь 2022-2023 оны  хичээлийн жилд  1003 суралцагч, 78 багш   ажилчидтай ба  монгол улсын зөвлөх багш 4, тэргүүлэх багш 32, заах аргач багш 14 байгаа нь  багшлах бүрэлдэхүүний 92,6 хувийг мэргэжлийн зэрэгтэй багш нар эзэлж байна.

   Тус сургууль нь  үе үеийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилчдынхаа оюунлаг бүтээлч хөдөлмөрийн үр дүнд  мэдлэг боловсролтой, суралцах, хөгжих чадвартай  сурагчдыг бэлтгэхийн  зэрэгцээ үйлчилгээний  чанар үр дүнгээрээ улс, аймаг, орон нутгийн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Мэргэд сургууль нь  20 гаруй жилийн хугацаанд  2000 шахам сурагчдад бүрэн дунд боловсрол олгож, их дээд сургуульд  элсүүлэн ажил амьдралын замыг чиглүүлж, улс орчны түүчээ болсон залуу хойч үеэ бэлтгэснээс 200 гаруй сурагчид нь өндөр хөгжилтэй гадаад улс, орнуудад суралцаж мэргэжил боловсрол эзэмшсэн байна.

     Багш сурагчдын хөгжил, байгууллагын ажлын үзүүлэлтээрээ улсын тэргүүлэх сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрч,олон сайхан амжилтын эзэн болсон нь тухайн хамт олны  хариуцлагтай  бүтээлч, хөдөлмөрийн үр дүн мөн.Тус хамт олон нь “Аймгийн тэргүүний байгууллагаар” 5 удаа, төгсөгчдийн  элсэлтийн шалгалтын дундаж оноогоор улсад 2 удаа тэргүүн байр,3 удаа дэд байр, аймагтаа 12 удаа тэргүүн байр 5 удаа дэд байр, аймгийн төрөлжсөн олимпиадад сургууль хамт олноороо 14 удаа тэргүүн, 6 удаа  дэд байр эзэлж, улсын олимпиадаас 5 багш, 17 сурагч медаль  хүртсэн байна. Хамт олны    ажлын үр дүнгээрээ 2011 онд  “Улсын тэргүүний сургууль”, 2012 онд Оюуны чадварын IQ төвийн ” Оюун ухааныг эрхэмлэгч сургууль, 2012 онд БСШУЯ-ны “Сурагчдын авьяасыг хөгжүүлэгч сургууль”, 2013 онд ДЗОУБ-ын “Хүний хөгжлийн загвар сургууль”   гэсэн улсын хэмжээний  эрхэм шагналыг хүртэж ирсэн төдийгүй     2013 оноос боловсролын салбарын технологи, арга зүйн шинэчлэлийг туршин нэвтрүүлэх үндэсний лаборатори сургуулийн чиг үүргийг хэрэгжүүлж улсын хэмжээнд  сайн туршлага үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлж   аймаг орон нутгийн  сургуулиудаа манлайлан ажиллаж байна. Тус хамт олон нь сүүлийн жилүүдэд багш, сурагчдын хөгжил, сургалтын орчин,хэрэглэгдэхүүндээ цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ технологи, арга зүйг нэвтрүүлж улс аймагт тэргүүлэх амжилтаа бататгасаар байна.

  • 2023 онд  БШУЯ-ны зохион байгуулсан “Сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээгээр” төрийн өмчийн 688 сургуулиас 1 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн 30 сургуулийн  нэгээр,
  • 2020 онд ажлын үр дүнгээрээ “ Аймгийн тэргүүний байгууллага ”
  • 2019 онд БСШУЯ-ны сурлагын чанарын үнэлгээгээр улсын “Шилдэг үнэлгээтэй ТОП сургуулиар”
  • 2021 онд боловсролын 100 жилийн ойгоор”Аймгийн тэргүүний сургууль”
  • 2019,2020,2022 онд БШУЯ, БОЯ-ны олон улсын ЭКО сургууль хөтөлбөр “Амжилттай хэрэгжүүлэгч сургууль хамт олон” болж ажил амжилтаа үнэллүүлсээр байна.
  • Сүүлийн 5 жилд  олон улсын мэдээллийн технологи, уран зураг соробан сампин, жүдо, таеквондагийн тэмцээнээс 19 медаль, улсын хэмжээний  төрөлжсөн болон багийн олимпиад, урлаг, спортын төрлөөр 48 медаль, аймаг орон нутгийн 109 төрлийн уралдаан, тэмцээнээс 1069 медаль хүртэж, өмнөх амжилтаа ахиулсан байна.

   Тус сургууль нь стандартын шаардлага хангасан  36  кабинет, анги танхим, урлаг болон биеийн тамирын  танхим, номын сан, мэдээлэл зүй,япон хэл, цахим сургалтын  кабинетийг тохижуулж, гадна дотор орчноо бүрэн камержуулж бага ангидаа 2 ээлжээр, дунд ахлах ангидаа 1 ээлжээр хичээллэх боломжтой болж, багш сурагчдын сурч хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлж чадсан.

2024-04-04 17:45:03