• 05 сарын 09, Пүрэв гараг
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТАВДУГААР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
28 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 21 ний өдрийн А/66 тоот захирамжаар Боловсрол, соёл, урлагийн газрын 2018 оны 84 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу Арвайхээр суманд шинээр баригдаж байгаа 928 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийг тус сумын тавдугаар сургуулиар үүсгэн байгуулсан.

Шийдвэрийн дагуу бэлтгэл ажлыг хангаж шинэ суурьшлын бүсэд “Арвайхээр сумын ерөнхий боловсролын тавдугаар сургууль” нэртэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 01 ны өдөр эхэлсэн.

Анх хамран сургах тойргийн буюу Арвайхээр сумын 6, 10, 11, 13 дугаар багийн  1026 сурагчид боловсролын үйлчилгээг 66 багш, 28 ажилтан хамт олон хүргэж байсан бол жил бүр сурагчдын тоо, анги бүлэг нэмэгдэж 2020-2021 оны хичээлийн жилд 1143 сурагч, 68 багш, 29 ажилтантай, 2021-2022 оны хичээлийн жилд 1247 сурагч, 70 багш, 30 ажилтантай, 2022-2023 оны хичээлийн жилд 1387 сурагч, 72 багш, 37 ажилтантай тус тус хичээлийн жилийг дүүргээд байна.

Манай хамт олон, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж улс, орон нутаг, хамтын ажиллагааны байгууллагуудын төсөв, санхүүжилт, төсөл, хөтөлбөр, хамт олон, эцэг эхийн хандив тусламж хичээл зүтгэлээр 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж аймгийн жишиг орчинтой сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

2021 оноос сум орон нутагтай хамтран бүсийн төвийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг чадавхжуулах, сайн туршлага, арга зүй, үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллах “Шинэ зуун” бүсийн төв сургууль болсон. 2022-2023 оны хичээлийн жилд амжилтаа улам бүр бататгаж гүйцэтгэлийн үнэлгээгээр 14 багш амжилттай үнэлэгдсэн, аймаг, бүс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд багш шавь нар амжилттай оролцсон, элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ тогтмол өсөж байна. Аймгийн ой угтсан “Миний Өвөрхангай” аянд тэргүүн, дэд байруудыг хүртсэн, Ерөнхийлөгчийн санаачилсэн “Тэрбум мод” үйл ажиллагааны хүрээнд 2022 оны тэргүүний байгууллагаар шалгарсан зэрэг олон сайхан амжилтуудыг гаргасан.

Цаашид хүүхдийн мөрөөдөл хүсэл, тэмүүллийг дэмжигч, хөгжүүлэгч байгууллага болохын төлөө

“Хүүхдийн мөрөөдөлд тулгуурласан зорилгод хүрэх хөгжлийг цэцэглүүлэгч оюуны өргөө байна.”,  “Хүүхдийн эрхийг бүрэн хангасан, материаллаг, нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, чадварлаг хамт олон чанартай боловсролыг эцэг, эх, асран хамгаалагч – сурагч - багшийн гуравласан холбоонд тулгуурлан олгоно.”, “Зорилготой сурагч - Зогсолтгүй хөгжил” гэсэн алсын хараа, эрхэм зорилго, уриан доор нэгдэн ажиллаж байна.

2024-04-04 17:48:34