Нийтэлсэн : 2019-02-18 16:26:14


РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Цэргийн тоо бүртгэл 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд сумын ЗДТГазарт зохион байгуулагдаж, 18-50 насны хамрагдвал зохих 747 иргэнээс цэрэгжсэн байгууллагад ажилладаг 51, бэлэн хамрагдсан 572 иргэн байна. Хамрагдалт 83.4 хувьтай. Аймгийн Цэргийн штабаас “Зөрчлийн тухай” хуулийн дагуу цэргийн тоо бүртгэлд хамрагдаагүй 165 иргэнд мөнгөн торгуулийн шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.



 Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн ИТХурлын төлөөлөгч О.Батжаргал, сумын ИТХурлын төлөөлөгч Д.Сосорбарам нартай хамтран “Алдарт Эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой 15 ээжийг ХАС” телевизээс зохион байгуулсан “Одонтой ээжүүд” нэвтрүүлэгт оролцууллаа. Олон хүүхэд төрүүлж өсгөн өдий зэрэгт хүргэж, үр хүүхдүүд нь улс эх орондоо ихийг хийж бүтээж яваа ээжүүдээрээ бахархахгүй байхын аргагүй. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.



Тус багт 90-ээс дээш настай 4 ахмад байдаг бөгөөд Сандагийн Янжмаа, Цэндийн Батлут, Бандийн Ичинхорлоо, Дашийн Ойдов нартаа аймаг, сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Өдгөө өндөр насыг зооглон, үр ач бидэндээ ач буянаа хайрлан байгаа дээрх ахмадууддаа урт удаан наслахыг хүсэн ерөөе.


 Сар шинийг угтан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаанд хамрагддаг өрх, иргэдийг дайчлан гудамж талбайн хог хаягдал болон гуу жалгыг цэвэрлэж, ачууллаа. Багийн хэмжээнд хур хогтой газар байхгүй болсон. Цэвэрлэсэн газарт цэвэр цэмцгэр байж, иргэний санаачлага гарган хашааныхаа урд хойд хэсгийг тогтмол цэвэрлэж, эрүүл аж төрөх ёсонд суралцахыг иргэддээ хандан уриалж байна.

 

 40 өрхөд тавгийн идээ, боорцог гардуулан өгөх ажлыг зохион байгуулав.


 Багийн залуу малчин Б.Мөнхсангидаа “Сумын аварга малчин” цол тэмдгээр шагнагдсаныг сумын удирдлагууд хотонд нь гардуулан өглөө. Эргэх цагийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрч хөдөлмөрлөж яваа малчдыгаа төр бодлогоор дэмжих нь зүйтэй. Малчдын маань мал сүрэг түм бумаар өсөн үржих болтугай. Дараа жил “Аймгийн аварга малчин, цаашлаад “Улсын аварга малчин”-ы болзол хангахыг хүсэн ерөөе.


 "Архидалттгүй нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллага" аяны туг, дэвтэр Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт аялаж, тус аяны хүрээнд багийн 11 орон сууцны нийт 100 гаруй айл өрхийн хаалга, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилж буй тусгай зөвшөөрөлтэй 12 дэлгүүр, 3 ус түгээх байрны гадна самбарт, “Архи”-гүй шинэлэхийг уриалсан уриалгыг нааж ажиллалаа.


 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан 01 дүгээр сарын 28-ны өдрийн нээлтийн үйл ажиллагаанд иргэдийг өргөнөөр оролцуулсан бөгөөд зорилтот жилийн хүрээнд нэлээдгүй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөө гарган ажиллаж байна.


 Сар шинийн өмнө төрийн дээд одон медалиар 3 хүн энгэрээ мялайлаа. "Алтан гадас одон"-оор Жигжидийн Алтантуяа, Жанцангийн Нарантуяа, Бадрахын Бямбацэрэн нар шагнагдаж, аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа. Та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.