Нийтэлсэн : 2019-01-25 17:31:49


ШУГАМ СҮЛЖЭЭ, ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.


Арвайхээр сумын хэмжээнд Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалалтай 44 орчим орон сууц бий. Аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсанд ирж буй гомдол мэдээллийн зохих хувийг эдгээр орон сууцнуудын оршин суугчдын халаалт дулаан, цэвэр бохир ус, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт эзэлдэг. Гэвч тус санал гомдлын мөрөөр дуудлагыг хүлээн авч хариуцан шийдвэрлэх газар нь тодорхойгүй байдгийн улмаас иргэдэд чирэгдэл үүсэх, хангалттай үйлчилгээ авч чадахгүй зэрэг асуудлууд тулгамддаг.

Иймд Арвайхээр суманд дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд, ЭБЦТС ТӨХК, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБгазар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Онги-Ус суваг, иргэдийн төлөөлөл, СӨХолбоодтой хамтарсан зөвлөлдөх уулзалтыг Арвайхээр сумын ЗДТГазар, Хотын Захирагчийн албанаас зохион байгууллаа.

Тус уулзалтаар байгууллага бүрийн хариуцах асуудлыг тодорхой болгох, яаралтай үед авах арга хэмжээнд хэрхэн хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг асуудлуудыг зөвшилцөж, цаашид хэрэглэгчдэд нийлүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч хамтран ажиллах ойлголцолд хүрэв.