Нийтэлсэн : 2019-05-10 10:18:05


РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 4 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

1. Арвайхээр сумын аварга шалгаруулах “Софт волейбол”-ын тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн амжилттай оролцлоо. Тухайлбал, 35-49 насны ангилалд Ө.Ганболд ахлагчтай баг “Хүрэл медаль”, 60-с дээш насны ангилалд П.Раднаа ахлагчтай баг тамирчид “Алтан медаль” хүртэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцсон нийт тамирчиддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

2. Хүн ам, орон сууцны улсын тооллого 2020.01.08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагт орон даяар эхлэх ба 7 хоногийн хугацаанд Монгол улс хүн амаа тоолно. Тооллогыг анх удаа хосолмол аргаар буюу уламжлалт болон бүртгэлийн аргаар тоолох гэж байгаа бөгөөд бүртгэл мэдээллийн санд тулгуурлаж хийгдэх гэж байгаагаараа онцлог юм. Тооллого нь Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгжийн түвшинд өрх, хүн амын тоо, суурь мэдээллийг гаргах, хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тодорхойлох, гадаадад оршин суугаа Монгол иргэдийн тоог гаргах зорилготой байдаг. Бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлын чиглэлийг авч, өрхүүдээс мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүллээ. Иймд иргэд та бүхэн багийн Зохион байгуулагч нартаа хандан Хүн ам, Өрхийн мэдээллийн санд  өөрийн өрх, хувь хүний мэдээллээ үнэн зөв орсон эсэхийг шалгаж, тооллогын бэлтгэл ажилд туслалцаа үзүүлэхийг хүсч байна.

3. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлагдсантай холбогдуулан албан тушаалын тодорхойлолт боловсруулах мэдээлэл цуглуулах асуулгын хуудсыг бөглөн, сумын ЗДТГазрын төрийн захиргааны мэргэжилтний чиглүүлэг дор дүн шинжилгээ хийх ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагаар иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаа мэдээллийн ажил нийгмийн ажилтны чиг үүрэгтэй давхцсан байгаа тул давхардлыг арилгах, багийн Засаг даргын ажил үүргийг орлон гүйцэтгэж, оршин суугаа хаяг, ам бүл, аж байдлыг нотлох тодорхойлолт боловсруулах нь өдөр тутмын ажил тул оруулах шаардлагатай мөн батлан хамгаалахтай холбоотой асуудлууд, Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах, эрэмбэлэх нэгтгэх, дээд шатны байгууллагад уламжлах, Төрийн дээд шагналын материалыг журмын дагуу бүрдүүлэн дээд шатны байгууллагад уламжлах зэрэг нэмэгдэл ажил үүргийг зайлшгүй гүйцэтгэдэг бөгөөд тусгагдаагүй орхигдсон тул албан тушаалын тодорхойлолтод тусгах шаардлага байгааг хэллээ.


4. Сэтгүүлзүйн 106 жилийн ой, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөрт зориулсан Шатар”-ын тэмцээнд, 8-335-9 тоотод оршин суугч Цэрэндолгорын Пүрэвгял гуай амжилттай оролцож, тэргүүллээ. Багийнхаа нэрийн өмнөөс оюуны их хүчээ гарган оролцсон түүнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

5. Улс орон даяар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 4 сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, 40 иргэний хамт оролцлоо. Энэ үеэр ГБХЗХГазрын дэргэд “Хүүхэд хамгаалагч”-тай болж, багийн иргэн Ч.Алтайхүү эгч маань ажиллахаар сонгогдлоо.

6. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.3.2.2 дахь заалтад тусгагдсан “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр гаргах” ажлын хүрээнд хүүхдүүдийн эрсдэлт нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээг 72 хүүхдэд хийлээ. Уг судалгаагаар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн тулгамдсан асуудлыг илрүүлж, цаашид дээрх хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх юм.