Нийтэлсэн : 2019-04-04 10:50:44


РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

1. Багийн иргэдийн нийтийн I улирлын хуралдаан зохион байгуулагдаж, 82 иргэн оролцсон бөгөөд насны ангиллын хувьд:

Ø  18-39 насны 20 иргэн буюу 24.3 хувь,

Ø  40-59 насны 36 иргэн буюу 44 хувь,

Ø  60-аас дээш насны 26 иргэн буюу 31.7 хувийг эзэлж байна.

Хүйсийн харилцааны хувьд:

Ø  37 буюу 45.1 хувь нь эрэгтэй, 45 буюу 54.9 хувь нь эмэгтэй байна.

Хурлаар Арвайхээр суманд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, “Түшиг дөлгөөн” ӨЭМТөв, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн тайлан мэдээллийг сонсч, 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал авлаа. Иргэдээс үерийн сувгийн хамгаалалтыг сайжруулах, бороо ус зайлуулах суваг шуудуу гаргах, 19 дүгээр гудамжны худгийг засварлах, 42-44 дүгээр гудамжинд тогны хүч муу байгаа талаар, “Сод” дэлгүүрээс “Шунхлай” ШТСтанцын хооронд айраг, цагаан идээ худалдаалж байгаа явдлыг таслан зогсоох эсвэл тэр хавьд city toilet барих, гэр хорооллын утааг бууруулахын тулд айл өрхүүдийн дунд жижиг оврын дулааны станц барьж, өвлийн орон сууц бүхий айл өрхүүдийг холбож, тэдний ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Дайргын голд ногоо тарьж буй өрх, иргэдийг цахилгаанаар хангах, ахмадуудын хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг асуудлуудыг хөндөн ярьж байв.


2. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Өвөрхангай, Арвайхээр сумын НАМЭХ хамтран "Харилцан суралцъя, Хамтдаа хөгжье" эмэгтэйчүүдийн чуулганыг "Ээжүүдээрээ гоёсон Өвөрхангай" ёслол хүндэтгэлийн цэнгүүнтэй хамтатган зохион байгуулж, 5 эмэгтэйг урилгаар оролцуулав. 9 ээжийг алдаршуулан өргөмжилснөөс багийн иргэн, багш Бадарчийн Отгондулам Эрхэм үйлст “Янжинлхам ээж”-ээр шалгарлаа. Түүний түмний олон хүүхдэд хүртээж буй алдар гавьяаг магтан дурдаад баршгүй.


3. 2019 оны I улиралд иргэдээс нийт 6 өргөдөл ирүүлснээс бичгээр 6, төрлийн хувьд 6 буюу 100 хувь нь “Алдарт Эх”-ийн II одонд орох өргөдөл бөгөөд сумын ИТХурлын ажлын албанд шилжүүлсэн.

4. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрт хамрагддаг өрхүүдийн дунд “Эрхэмсэг бүсгүйчүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж, олон төрлийн сонирхолтой тэмцээн уралдаан явагдахад шүлгийн уралдаанд М.Адъяадулам II байранд шалгарлаа.

5. “Дэлхий зөн” ОУБ-ын санхүүжилтээр багийн Засаг даргын ажлын албаныхан 2019.03.20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн сургалтад хамрагдлаа. Сургалтыг Хэрэглээний сэтгэл зүйн хүрээлэнгийн сургагч багш нар удирдан явуулж, Хүний хөгжлийн сэтгэл зүйн онолууд, Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжлийн онцлог, сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөөний техникүүд, “Хамтарсан баг”-аар ажиллах туршлага зэрэг сэдвүүдээр мэдлэг мэдээлэл өгч, чадваржлаа.


6. “Тогтвортой амьжиргаа-3 төслийн хүрээнд 2018 оны 9 дүгээр сард батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багийн төвшинд ОНХС-ийн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, иргэдээс хэрхэн санал авч эрэмбэлэх талаар сургалтад хамрагдаж ойлголт, арга зүй авлаа. Одоогийн байдлаар 100 гаруй иргэнээс саналын хуудсаар санал авсан байгаа бөгөөд цаашид цахимаар болон бүлгийн хэлэлцүүлэг хэлбэрээр санал авахаар төлөвлөж байна.


7. Багт хөтлөгдсөн байнга болон түр хадгалах 3 төрлийн баримт бичгийг хадгалах хугацаа, ач холбогдлоор нь эмхэлж цэгцлэн архив, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгөв.