АРВАЙХЭЭР СУМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
1707 онд Сайн ноён хан Жамбын хоёрдугаар хөвгүүн
Цэрэндашид зэрэг хэргэм, албат хамжлага, газар нутгаа эзэмшүүлэн өгч, тусгай
хошуу байгуулжээ. Тэр нь 1924 он хүртэл тогтсон үйзэн гүний хошуу юм. Бэлчээр
ус тэгш Онги голын сав гарзаар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа
байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин гулаг, Зэргэмжийн газраар нэлээд
хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьснаар
өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан түүхтэй.
ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ
Арвайхээр сум нь Монгол улсын төвийн бүс Өвөрхангай
аймгийн төв хэсэг, хойд өргөрөгийн 46.16 зүүн уртрагийн 103.14-ийн солбицолд
оршдог. Тарагт, Зүүнбаян-Улаан сумдуудтай хил залгаа оршдог.
Нутаг
дэвсгэр нь 17303 га, үүнээс 10931 га нь хот сурингийн барилга байгууламжийн
эдэлбэр газартай бөгөөд Хангайн нурууны зүүн өмнөд салбарын уулархаг ой тайгын
өврөөс эх авсан Онгийн голын сав толгод бүхий талархаг хээрийн бүсэд далайн
төвшнөөс дээш 2000 орчим метрийн өндөрт оршдог.
ДЭД БҮТЭЦ
Тус сум нь нийслэл Улаанбаатар хотоос 420 км зайтай,
баруун 5 аймаг дамжин өнгөрдөг хатуу хучилттай магистрал замаар холбогдсон,
тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын төв цэг
Өвөрхөшөөтөөс 130 км, Монголын эртний нийслэл Хархорин хотоос 135 км, байгалийн
үзэсгэлэнт Хүйсийн найман нуураас 90 км, Улаан цутгалангаас 170 км зайд оршдог
учир аялал жуулчлалын салбар илүүтэй хөгжсөн.
ӨРХ, ХҮН АМ
Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас нэгдүгээрт, нутаг
дэвсгэрийн хэмжээгээр 19-д ордог. 2022 оны байдлаар 10021 өрх, 35404 хүн амтай, үүнээс 965 малчин өрх, 220.9 мянган толгой
малтай болоод байна. Засаг захиргааны анхан шатны нэгж 13
багт хуваагдаж, хүн амын 90 хувь нь сумын төвд оршин сууж байна. Арвайхээр хот
нь Засаг захиргааны анхан шатны нэгж 13 багтай. Үүнд:
1. Согоотын 1 дүгээр баг
2. Эмтийн 2 дугаар баг
3. Дэлгэрэхийн 3 дугаар баг
4. Өлзийтийн 4 дүгээр баг
5. Арвайхээрийн 5 дугаар баг
6. Их-Уул Ягаан толгойн 6 дугаар баг
7. Дэлгэрэх дэнжийн 7 дугаар баг
8. Рашаантын 8 дугаар баг
9. Бурхийн 9 дүгээр баг
10. Ноёны 10 дугаар баг
11. Хүйс толгойн 11 дүгээр баг
12. Зүлэгтийн 12 дугаар баг
13. Онгийн 13 дугаар баг
Сүүлийн жилүүдэд Арвайхээр хотод бүтээн
байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин
нөхцлийг сайжруулахад түлхүү анхаарч тэр чинээгээр хөрөнгө оруулалтын хэмжээ ч
нэмэгдэж байна. Шинэ суурьшлын бүсэд 928 хүүхдийн хүчин чадалтай
тавдугаар сургууль, сумын "Цэцэрлэг
бага сургуулийн цогцолбор"-ын бүтэц, хэв шинжийг өөрчлөн гадаад хэл,
математикийн гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай "Тэмүүлэл-Эрдэм"
хэмээх сургуулиуд тус тус ашиглалтад
орлоо. Мөн
Мэргэд лаборатори сургуулийн хичээлийн шинэ байр, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн
шинэчлэлийн ажлууд шат дараатай хийгдэж боловсролын салбар дахь хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд их хэмжээгээр хийгдэж байна. Арвайхээр
сумын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн
жилд төр болон хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын 16 байгууллагын 89
бүлэгт 3283 хүүхэд, ерөнхий боловсролын 6 сургуульд 8200 суралцагч тус тус
хамрагдаж сумын хэмжээнд хамран сургалт 100 хувь болж чадсан.
Арвайхээр
сумын 35.0 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг
үзүүлэхээр 3 өрхийн эрүүл мэндийн төв 47 эмч, эмнэлэгийн ажилтан ажиллаж байна.
Иргэдийн
ая тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй үр бүтээлтэй өнгөрүүлэх цэцэрлэгт
хүрээлэн, ногоон байгууламж ихээр нэмэгдэж, гэрэлт гудамж, спорт зал, кино
театр, усан спортын цогцолбор баригдаж орон нутагтаа ая тухтай, сэтгэл
ханамжтай ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бий болсоор байна.
Гэр
хороолол дундах авто замын сүлжээ өргөсөж энэ жил гэхэд 12 км авто замыг шинээр
тавьж ашиглалтад оруулаад байна. Үүнийг дагасан гэрэлтүүлэг, цамхагт гэрэл,
камержуулалтын ажил хийгдэж, 21 цэгт шинэ автобусны буудал барьж ашиглалтад
оруулаад байна.