ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ, АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ТОВЧООН

 

 

Нэг. Арвайхээр хотын үүсэл хөгжлийн тухай товчхон

            Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд  тодорхойлсон байдаг.

            1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог  *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот  байхаар тус тус шийдвэрлэжээ. Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.

            Аймгийн Засаг даргын 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр захирамжаар сумын ЗДТГазрын РД 1558137 дугаарийн гэрчилгээ авсан бол аймгийн Татварын хэлтсээс 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 1070001098 дугаар, РД 9044132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

                Өнөөгийн Арвайхээр сумын нийт нутаг дэвсгэр 17303 га, эрс тэс уур амьсгалтай. Нийт нутгийн 62.1 хувь нь хот суурингийн, 37.9 хувь нь бэлчээрийн эдэлбэр газар юм. Гол мөрний хувьд Онгийн гол нутгийн зүүн, Дайргын гол урд хэсгээр урсдаг. Тарагт сумын нутаг дэвсгэр дээр байрладаг. 



Хоёр. Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжил

                  Засаг захиргааны 8 багтай байсан бол 2003 оны 01 дүгээр сард аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Согоотын 1 дүгээр багаас салган 376 өрх, 1878 хүн амтай Бурхийн 9 дүгээр багийг шинээр байгуулсан. Анхны багийн Засаг дарга Д.Энхбаясгалан, 2006 оноос эхлэн Засаг даргаар Д.Өлзийхишигт ажиллаж байна.

                2010 онд аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 83 дугаар тогтоолоор Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багаас салган 515 өрх, 1748 хүн амтай Ноёны 10 дугаар багийг шинээр байгуулсан. Анхны багийн Засаг дарга Н.Дуламдорж өнөөг хүртэл ажиллаж байна.

                2014 онд аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 02 дугаар тогтоолоор Ноёны 10 дугаар багаас салган 166 өрх, 543 хүн амтай Хүйс толгойн 11 дүгээр багийг шинээр байгуулсан. Анхны багийн Засаг дарга Б.Золбоо өнөөг хүртэл ажиллаж байна.

                2003 оноос эхлэн багийн Засаг дарга нарын ажлын албыг байгуулж, төсвийн хувьд бие даалган, тусдаа тамга тэмдэгтэй, бүрэн эрхийн хугацаагаар багийн Засаг дарга нарын дундаас томилон багийн Засаг дарга нарын ажлын албаны даргаа томилон ажиллаж байсан. Багийн Засаг дарга нарын албаны анхны даргаар Эмтийн 2 дугаар багийн Засаг дарга Д.Сүх-Өлзий ажиллаж байгаад 2013 оноос Бурхийн 9 дүгээр багийн Засаг дарга Д.Өлзийхишигт ажилласан. 2015 оны 01 дүгээр сараас эхлэн "Төсвийн тухай" шинэ хуулийн хүрээнд ажлын албыг татан буулгасан.

                Аймгийн ИТХурал, Засаг даргын дэмжлэгтэйгээр 2006 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн багуудад зохион байгуулагчийн орон тоог бий болгож, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байгаад 2007 оноос эхлэн төрийн жинхэнэ албан хаагч болгосон.

Дэлгэрэхийн 3 дугаар багийн төвийн барилга нь  3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг, 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгайлсан ажлын байр нэртэйгээр олон улсын төслийн хүрээнд 22622.5 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгээр ашиглалтанд орсон бөгөөд төслийн хэрэгжих хугацаа дуусмагц 2006 оны 07 дугаар сард орон нутгийн өмчид шилжүүлэн авч, сумын ЗДТГазрын харъяа З дугаар багийн төвийг байршуулан ажилласан. Уг барилга нь 1 давхар, дотроо 5 өрөөтэй, энгийн галлагаатай байсан бол 2008 онд цахилгаан халаалттай, 2015 оны 11 дүгээр сараас эхлэн Ганданпунцоглин хийдийн төвлөрсөн дулааны шугамд холбосон.

2011 оны 12 дугаар сард улсын төсвийн хөрөнгө оруулалт 296.0 сая төгрөгийн өртөгтэйгээр ашиглалтанд хүлээн авсан. Арвайхээр сум төдийгүй Өвөрхангай аймгийн хэмжээнд анхдагч багийн Нэгдсэн төв бөгөөд канад технологийн сэндвичэн барилга юм. Уг барилга нь 2 давхар, 13 өрөө, 250 орчим хүний багтаамжтай хурлын заалтай, одоогоор шинэ учраас барилгын чанар сайн, маш дулаахан, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, цэвэр, бохир усны болон дулааны төвлөрсөн шугамд холбогдсон байршил сайтай.

                2013 онд анх 2 багийн дунд нийт 5 Нийгмийн ажилтныг орон тоогоор, 2014 оноос эхлэн баг тус бүрд буюу 11 Нийгмийн ажилтныг төрийн үйлчилгээний ангилалд ажиллуулж байна.

                Сүүлийн жилүүдэд Арвайхээр сумын хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 63 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, жигд хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор Зүлэгтийн 12, Онгийн 13 дугаар багуудыг тус тус шинээр үүсгэн байгуулсан.